Кэндочид 2019 оны Улсын аваргаа тодрууллаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-17 12:57:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Кэндогийн холбооноос 2019 оны есдүгээр сарын 14-нд Монгол Улсын аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодруулав.



УАШТ-ийг Япон улсын Элчин сайдын яам уламжлал ёсоор дэмжин ажиллалаа. Энэ удаагийн УАШТ нь Холбооны 20 жилийн ой мөн Япон улс дахь Монголын кэндог дэмжих клубын ерөнхийлөгч ноён Сато Сомэй-ийн 85 насны ойн баярын өдөр тохиожээ.


Сато багш нь Монголын кэндод 20 жилийн турш хувцас хэрэглэл, сургалт, зөвлөгөөг сайн дураар хамт олны хамт харамгүй зориулж, Монголын олон залуусыг кэндогийн урлагт хөтөлж, зөв хүн болон төлөвшихөд нь ихээхэн хувь нэмэр үзүүлсээр ирсэн хүндтэй хүн юм.


Мөн энэ удаагийн УАШТ нь Монголын Кэндогийн Холбооны шинэ Удирдах зөвлөлийн дарга, Холбооны ерөнхийлөгч Б.Самадигийн анх удаа биечлэн зохион байгуулсан томоохон кэндогийн тэмцээн болсон юм.


УАШТ-ын дүнг танилцуулахад, эрэгтэй ганцаарчилсан төрөлд Т.Чинзориг /Чикара Кэндо клуб/ түрүүлж, Э.Уртнасан /Монгол Кэндо клуб/ Э.Билгүүн /Оргил Кэндо клуб/ нэр мөнгө, хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Мөнхзаяа /Чикара Кэндо клуб/ тэргүүлж, М.Наранзаяа /Бээс Кэндо клуб/, Ч.Зулцэцэг /Чикара Кэндо клуб/ нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов, Өсвөрийн төрөлд Э.Мэргэн /Чикара Кэндо клуб/ улсын аварга болж, Т.Төгс-Төмөр /Чикара Кэндо клуб/, Э.Тэлмүүн /Улаанбаатар Кэндо клуб/ нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.


Мөн эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд “Чикара” клуб аваргаар шалгарлаа. Энэхүү 16 дахь удаагийн УАШТ-ий “Дайчин тамирчин”-аар  Чикара клубын Г.Норовцэрэн тодорч 7 хоног Япон Улсаар аялах эрхийн бичгээр Япон Улсын Элчин сайдын яам шагнасан байна. /JENESYS хөтөлбөр/


Өнөөдөр Монголын кэндогийн холбоонд нийт таван клуб үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал,

Улаанбаатар Кэндо https://www.facebook.com/ubkendo/,

Монгол Кэндо https://www.facebook.com/mongolkendo/,

Бээс Кэндо https://www.facebook.com/basekendoclub/,

Оргил Кэндо https://www.facebook.com/orgilkendo/,

Чикара Кэндо https://www.facebook.com/chikarakendo/ гэсэн клуб байдаг.

Мөн Шинэ Монгол, Номт Наран сургуульд кэндогийн сургалт ордог байна.

Холбоотой мэдээ