Баянхонгорт Монгол цэргийн нэгдсэн холбооны салбар байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-16 21:09:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол цэргийн нэгдсэн холбооноос "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд”-ын чуулга уулзалтыг Баянхонгор аймагт энэ сарын 15-нд зохион байгууллаа.

Төрийн цэргийн байгууллагуудын дэргэдэх мэргэжлийн чиглэлээр нэгдсэн, гишүүнчлэлдээ хандсан үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллагыг нэгтгэсэн тус холбоо нь улс төрөөс ангид, нийгэмдээ хандсан ажил, үйлчилгээ явуулдаг байна. Чуулга уулзалтад Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Бригадын генерал Г.Сайханбаяр, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын зөвлөх, хошууч генерал, МЦНХ-ны УЗ-ийн гишүүн Я.Чойжамц, ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвийн дарга, Цагдаагийн хурандаа, МЦНХ-ны УЗ-ийн гишүүн Ж.Бумнанжид нарын МЦНХ-ны УЗ-ийн гишүүд, Баянхонгор аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга, бие бүрэлдэхүүн, иргэд оролцжээ.

Баянхонгор аймаг дахь төрийн цэргийн байгууллага, алба хаагчид, ахмадууд, дэмжигч байгууллага, иргэдийн төлөөлөл ийнхүү уулзаж, Монгол цэргийн нэгдсэн холбооны дүрмийн дагуу орон нутагт салбар нэгжийг байгуулахаар болсон байна. Тус салбар нэгж нь орон нутагт оршин суугч иргэд, залууст хандсан хэд хэдэн чиглэлийн үйл ажиллагааг явуулах аж.

Тухайлбал, Улс орны үндэсний аюулгүй байдлыг хангахад гишүүд дэмжигчдийн нийгмийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого, орон нутгийн хөгжилд тэдний санал, санаачилгыг тусгуулах, иргэд хүүхэд залууст эх оронч, үндэсний үзэл хүмүүжил төлөвшүүлэх, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ухамсарлуулах цогц ажил, арга хэмжээг зохион байгуулах юм. Мөн Баянхонгор аймгийн хөгжил, бүтээн байгуулалтад гар, бие оролцохын зэрэгцээ цэрэг, цагдаагийн байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудын ажил, амьдралын туршлагыг залуу үе, алба хаагчдад өвлүүлж, залгамж холбоог бэхжүүлэх зорилготой аж.

Холбоотой мэдээ