“Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” олон улсын хурал Монголд болно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-09-16 18:23:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтөөс учрах эрсдэлийн даатгалын талаар хэлэлцэх олон улсын хурал маргааш манай улсад эхлэх гэж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын VII зөвлөлдөх энэхүү уулзалтыг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), "Азийн орнуудад хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо" (MEFIN) хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна.

Уулзалтаар даатгалын талаар Азийн орнуудын мэдлэг, туршлага солилцох сүлжээний байнгын гишүүн орнууд болох Филиппин, Индонез, Пакистан, Шри Ланка, Вьетнам улсаас гадна Швейцар, Герман улсаас төлөөлөгчид ирж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлийн даатгалын эрх зүйн орчин болон зохицуулалт, түүний бизнес загвар, технологид суурилсан даатгал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэсэн дөрвөн агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэнд туршлага солилцох боломжийг олгох юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй учирсан эрсдэлээс хамгаалах, түүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх, улмаар эдийн засагт дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

Ташрамд дурдахад, хүртээмжтэй даатгалын талаарх Азийн орнуудын мэдлэг, туршлага солилцох сүлжээ (MEFIN, The Mutual Exchange Forum on Inclusive Insurance) нь Азийн орнуудын даатгалын зохицуулагч байгууллагууд хоорондоо мэдлэг, сайн туршлагыг солилцох зорилгоор бий болгосон хамтын ажиллагааны бүтэц юм. Тус сүлжээний даргаар СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн 2018 оноос ажиллаж байна.

Б.Болд

Холбоотой мэдээ