Монгол Улсын Ерөнхийлөгч бүх нийтийн гүйлтийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-14 14:58:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн “Итгэл найдвар, боломж-Улаанбаатар 2019” марафон гүйлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болон “Дүнжингарав” худалдааны төвийн урдах замд болж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор “Ахиллис” ТББ-аас зохион байгуулж буй марафоны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо.


Тэрээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн идэвхтэй харилцаанд орж, сурч боловсроход орчны хандлага, сэтгэл зүй маш чухал гэдгийг онцлоод, Нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн хүрээлэл болон хүрээлэн буй орчны саад бэрхшээл, тэгш бус байдлаас шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон мянга мянган иргэддээ Та бид сэтгэл санааны болон харилцаа хандлагын дэмжлэг үзүүлж, хамтдаа гүйхээр сэтгэл нэгдэн энэ талбай дээр зогсож байна” хэмээн гүйлтэд оролцогчдод талархал илэрхийллээ.


Өнөөдөр марафонд гүйх хүн бүрийн алхам, километр, туулсан зай бүр нь хамтдаа урагш алхаж, хамтын оролцоогоор нийгмээ бүтээж байгаагийн илэрхийлэл болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрийгөө өөрчлөх хүч, урам зориг болон хүрэх болно. Нэг нэгэндээ урам зориг хайрлацгааж, хамтдаа гүйцгээе, хамтдаа хөгжицгөөе” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч уриалсан юм.


Тодруулга: Манай улсад өнгөрсөн оны байдлаар 105.730 хөгжлийн бэрхшээлтэй хүн иргэн байгаагаас 35.589 нь нийслэл хотод амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн 92.5 хувь нь 15-аас дээш насныхан бөгөөд тэдний зөвхөн 21.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.

Холбоотой мэдээ