Монгол-Беларусийн худалдаа 6832.8 сая ам.долларт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-14 11:35:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Беларусь улсын бизнес эрхлэгчдийн уулзалт МҮХАҮТ-д боллоо.

Уулзалтад манай улсад ирээд буй Беларусийн ХАҮТ-ын дэд дарга А.К.Шаханович тэргүүтэй бизнесийн төлөөлөгчид, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.В.Чепурной оролцлоо.

Уулзалтаар Беларусь улсаас Монголын томоохон үйлдвэр, дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулах, хоёр орны зах зээлд арьс, шир, ноос ноолуур, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Цаашлаад бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын борлуулалтын сүлжээнд нэвтрүүлж, цахим худалдаагаар борлуулах зэрэг өргөн боломж байгааг онцолж, боломжуудыг хоёр улсын бизнес эрхлэгчид үр өгөөжтэй ашиглах шаардлагатай байгааг тэмдэглэв.




Монгол-Беларусийн гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 6 сарын гүйцэтгэлээр 6832.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.8 хувиар буюу 492.3 сая ам.доллароор өссөн дүнтэй байгааг уулзалт дээр мэдээлж байв.

Энэ есдүгээр сарын 12-15-нд Мишээл экспо”-д болж буй “Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн худалдаанд Беларусь улс гол түнш орноор оролцож хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм.

Б.Болд

Холбоотой мэдээ