Хойд бүсийн холбоочдын сургалт Архангай аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-12 14:41:09

Архангай /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалаар хойд бүсийн аймгуудын Онцгой байдлын газрын холбоочдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт Архангай аймгийн Онцгой байдлын газарт эхэллээ.

Сургалтын хүрээнд хойд бүсийн Онцгой байдлын газруудын Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан оператор, Шуурхай удирдлагын оператор, Жолооч-холбоочин нарт холбооны дэвшилтэт техник, технологийн мэдлэг олгох, холбоо мэдээллийн тоног төхөөрөмжийг ашиглах, гамшгийн үеийн бүсийн удирдлага зохицуулалтын холбооны найдвартай ажиллагаа, шуурхай байдлыг хангах дадлага, ур чадварыг дээшлүүлэх сургалтуудыг явуулна.

Сургалтыг 9 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд хойд бүсийн Орхон, Булган, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын нийт 90 алба хаагч хамрагдаж байна. Тэд эхний өдөр танхимын сургалтад суугаад дараагийн өдөр богино болон хэт богино долгионы радио станц, сансрын холбооны техник хэрэгслийг газар орон дээр дэлгэн байгуулж, холбоо зохион байгуулах хээрийн дадлагаар үргэлжлэх юм.

Холбоотой мэдээ