Т.Баярхүү: Авлигын хэрэгт том, жижиг гэж байдаггүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-10 18:41:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэх үеэр, 90 тонн ачаа гаалиар оруулсныхаа төлөө 4.5 сая төгрөгийн хахууль авсан 34 гаалийн байцаагчийн хууль бус үйлдлийг илрүүлж буй бичлэг дэлгэлээ. 



Тухайн бичлэгт Гаалийн байцаагчид БНХАУ-аас гаалиар импорын барааг татваргүй оруулсныхаа төлөө авсан хахуулийн мөнгөө агааржуулах төхөөрөмж зэрэг өрөөнийхөө нууц газарт далдалсан байгааг АТГ-ын мөрдөгчид илрүүлж буй тухай гарч байв. Эл хэрэг нь 2016 онд гарсан бөгөөд шүүхээр эцэслэн шийдэгдсэн тул бичлэгийг нийтэд ил болгож байгаа юм. Уг бараа нь 28.2 сая төгрөгийн татвартай гаалиар орох ёстой байсан аж. 


Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү,"Энэ мөнгөний хэмжээг хараад АТГ-ыг "жараахай барилаа" гэж өнгөц дүгнэж болохгүй. Авлигын гэмт хэрэг нь том, жижиг гэж байдаггүй юм. Илрүүлсэн нь энэ болохоос цаана нь ийм төрлийн олон хэрэг байгаа. Өнөөдөр нийгэмд хорт хавдар, өсвөр үеийнхний хар тамхины хэрэглээ газар авч байна. Үүний нэг шалтгаан нь гаалиар татваргүй, хяналтгүй бараа орж байгаатай холбоотой. Түүнчлэн ижил төрлийн бизнес эрхэлж байгаа хоёр хүний нэг нь хахуулиар татваргүй бараа оруулж ирээд, түүнийгээ хямд зардаг. Шударгаар хөдөлмөрлөж байгаа иргэн нь татвар төлж, олон өдөр бараагаа сахиж хил дээр хүлээнэ, татвар төлсөн учраас бараагаа үнэтэй зарна. Энэ нь шударгаар хөдөлмөрлөж буй бизнес эрхлэгчдийг эрсдэлд оруулдаг. Үүгээрээ нэг байгууллагын ажлыг муулаагүй. Хувийн эрх ашгаа дээгүүрт тавьж буй шударга бус албан хаагчдын гэмт үйлдлээс улсад их хэмжээний хохирол учирч байгааг анхааруулж, энэ гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоо чухал гэдгийг илэрхийлж байгаа юм" хэмээв. 


АТГ сүүлийн гурван жилд гаалийн байгууллагын албан тушаалтантай холбоотой 52 өргөдөл, гомдол хүлээн авснаас 42-т нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Дээрх төрлийн гэмт хэргийн гомдол тасрахгүй байгаа тул иргэд олон нийт хууль бус үйлдлийг даруй мэдэгдэж хамтран ажиллахыг АТГ-аас хүсэж байгааг комиссар Т.Баярхүү мэдээллийн үеэр онцоллоо. 

Холбоотой мэдээ