Арвайхээр рүү зорчих төв замд хяналтын постын байр барилаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-09-05 10:28:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тарагт сумын 5 дугаар багт улсын төсвийн 74.9 сая төгрөгийн өртгөөр замын хяналтын постын байрыг ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн авлаа.

Улаанбаатар, Арвайхээр, баруун аймгуудыг чиглэсэн төв замд тус постыг байгуулсан бөгөөд иж бүрэн тохижуулж, машины гарааш, тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаа зэргийг хамт барьжээ. Тус постоор өдөртөө 20 гаруй мянган тээврийн хэрэгсэл дайран өнгөрдөг байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14 аймгийн улсын чанартай 16 замд байнгын хяналтын постыг барьж байгаа юм. Манай аймгийн хувьд Нарийнтээл, Тарагт, Хархорин сумын нутгаар дайран өнгөрч буй улсын чанартай замд пост байгуулж байна.

Замын хяналтын постыг байгуулснаар улсын чанартай авто замын хөдөлгөөнд хяналт тавих, хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, зөрчил илрүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар яриа таниулга хийх, хорио цээрийн дэглэмийн үед мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах нөхцөл боломж бүрддэг аж.

Холбоотой мэдээ