Мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг Германд сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг
ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах боломжтойг ХБНГУ-ын Хүнс, хөдөө
аж ахуйн яамны Парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Ханс-Иоахим Фухтел мэдэгдэв.
Манай улсад
албан ёсны айлчлал хийж буй ноён Ханс-Иоахим Фухтелыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хүлээн
авч уулзсан юм. Уулзалтын үеэр сайд Ч.Улаан ХБНГУ-тай био-органик
бүтээгдэхүүний үйлдвэрлэл, органик хүнсийг баталгаажуулж, экспортлох бодит
боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах санал тавьсан юм.
Мөн мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, ингэхдээ тархвар зүй, оношилгоо эмчилгээ, гоц халдварт, халдварт өвчин, празит, шимэгдэгч өвчин зэрэг салбарын малын эмчийг давтан сургах, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, усалгаатай газар тариалан, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр боловсон хүчний чадавхыг ХБНГУ-д дээшлүүлэхэд дэмжихийг хүссэн юм.
Талууд ЖДҮ, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Германы
мах махан бүтээгдэхүүн мөн сүү, сүүн бүтээгдэхүүн тэр дундаа олон төрлийн
бяслаг, гүүний саам үйлдвэрлэх дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, мөн малын
гаралтай түүхий эдийн боловсруулалтад шаардлагатай техник тоног төхөөрөмж оруулж
ирэхэд урт хугацааны нэн хөнгөлөлттэй хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг бий
болгох боломжийг хамтран эрэлхийлэхээр боллоо.