Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-09-02 15:44:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтсэн бол орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.

Тодруулбал, Эмээлтийн зам, “Их хурд” түүхий эд авах цэгийн урд замд "Toyota Estima" автомашин жолоодсон Хятад улсын иргэн Хаши нь явган зорчигч 44 настай, 30 настай эрэгтэй Б нарын хоёр хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Осол өчигдөр 23:30 цагийн орчимд гарчээ.

Мөн өчигдөр өглөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд "Mitsubishi L200" автомашины жолооч Б нь хашаандаа ухарч байхдаа нэг ойтой охиноо мөргөж амь насыг нь хохироосон золгүй явдал болжээ. Иймд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, зам тээврийн ослоос сэргийлэх шаардлагатайг энэхүү осол харуулж байна.


Мөн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдийг мөргөж гэмтээх тохиолдол ихсэж байгаа тул замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осол учруулалгүйгээр зорчихыг ТЦА-наас сэрэмжлүүллээ.

Холбоотой мэдээ