Тариалах үрийг хамгийн эхэнд нөөцлөхийг санал болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ өнөөдөр ургац хураалтын талаар Тариалан эрхлэлтийг
дэмжих сан, ОБЕГ, Монголын Тариаланчдын үндэсний холбооны төлөөллийг
оролцуулсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар цаг агаарын байдлаас шалтгаалан ургацын болц хойшилж ногоон ихтэй, чийг өндөртэй үр тариа хураан авах төлөвтэй байгаа нөхцөлд ургацыг хаягдалгүй хураан авах талаар санал солилцлоо.
Уулзалт дээр Тариалан
эрхлэлтийг дэмжих сангаас хүнсний улаан буудай хүлээн авах түр журам гаргаж
байгаа талаар мэдээллээ. Мөн ирэх жил тариалах үрийг хамгийн түрүүнд нөөцлөхийг
МХЕГ-аас холбогдох байгууллагуудад санал болгов. Учир нь аж ахуйн нэгжүүд сайн
чанарын улаанбуудайгаа гурилын үйлдвэрүүдэд тушаасны дараа тариалах үрээ
нөөцөлж эхэлдэг байна.
Урьдчилсан байдлаар, энэ жил хураан авах ургацын хэмжээ 420 мянган тонн байгаа
хэдий ч цаг агаарын хүчин зүйлсээс шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй аж.