Эцэг эхчүүд сургуулийн орчинд гар утас хориглохыг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-30 13:27:04

ЛОНДОН. /BBC/. Сургуулийн орчинд гар утсыг хориглох хэрэгтэй гэж Их Британийн эцэг эхчүүдийн тэн хагас орчим хувь нь үзэж байгааг “uSwitch” цахим хуудасны судалгаа харуулжээ. Тэдний дийлэнх нь гар утас хүүхдийн анхаарлыг сатааруулдаг хэмээн үзэж байгаа ажээ.


Уг судалгаанд оролцсон найман эцэг эх тутмын нэг нь “манай хүүхдийн сургууль гар утасны хэрэглээг хэдийнэ хориглосон” гэж хариулсан байна. Харин зарим хүний үзэж буйгаар, уг арга хэмжээ нь хүүхдүүд ухаалаг гар утас зэрэг электрон төхөөрөмжийнхөө хэрэглээг өөрсдөө зохицуулж сурахад саад учруулж байгаа аж.


Мөн эцэг эхчүүдийн 88 хувь нь хүүхдүүдээ өндөр үнэтэй гар утсыг сургууль руугаа авж явдагт санаа зовниж буйгаа илэрхийлжээ. 1000 гаруй эцэг эх оролцсон судалгааны дүнгээс үзэхэд хүүхэд тус бүр дунджаар 301 еврогийн үнэ бүхий төхөөрөмжтэй сургууль руугаа явдаг бөгөөд тэдний хэрэглэдэг төхөөрөмжийн дундаж үнэ жил ирэх тусам улам нэмэгдсээр байгаа ажээ.


Их Британийн сургуулийн сурагчдын сургууль руугаа авж явдаг төхөөрөмжүүдийн нийт үнэ 2019 онд 2.3 тэрбум евро хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн хүүхдүүдийн 43 хувь нь эцэг эхийнхээ гар утаснаас шинэ загварынхыг ашигладаг болохыг уг судалгаагаар тогтоосон байна. Судалгаанд оролцогч эцэг эхчүүдийн 27 хувь нь сурагчдын гар утсыг зурвас бичих, дуудлага хийх энгийн үйлдэл бүхий гар утсаар солих хэрэгтэй хэмээн үзсэн байна. 

Холбоотой мэдээ