“Сэлэнгэ" сургууль байлдааны буудлага хийснээр дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-29 14:31:39

ХАБАРОВСК. /RIA Novosti/. Орос-Монголын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” сургууль лхагва гарагт дууслаа гэж Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлжээ.


"“Сэлэнгэ-2019” сургуулийн оргил үе зэрэг галлагч “Град“ тийрэлтэт систем, их буу болон танкаар байлдааны буудлага хийх сургууль хийснээр дууслаа. Орос, Монголын танкийн болон мото буудлагын анги нэгтгэл Ми-24 нисдэг тэрэг, өөрөө явагч их буу, зэрэг галлагч “Град” тийрэлтэт систем болон мина харвагчаар халхлан “дайсны” түшиц газрыг эзлэн авах, хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах, хил орчмын хот суурингуудыг хамгаалах тактик боловсрууллаа” гэж мэдээлэлд дурдсан байна.


Хоёр улсын танкчид “Сирийн долгио”, “Танкийн тойруулга”, “Дүүжин” хэмээх тактикийн шинэ дасгалуудыг анх удаа хийлээ гэж Дорнод цэргийн тойргийн мэдээлэлд онцолжээ.


Дасгал сургуулийн үзвэрийн хэсгийг Чойбалсан хотын 10 мянга гаруй оршин суугч болон зочид төлөөлөгчид үзэж сонирхжээ. Хамтарсан сургууль дууссаны дараа хоёр орны цэргүүд цэргийн техникийн хамт жагсаж, мөн сургуулийг хаах ёслолын ажиллагаа болсон байна.


Орос-Монголын цэргийн хамтарсан сургууль Монгол Улсын цэргийн хээрийн сургуулийн Мөнх Хэт талбайд наймдугаар сарын 15-нд эхэлсэн юм. Энэ жилийн сургуульд хоёр талаас 2000 орчим цэрэг оролцжээ.



Холбоотой мэдээ