19,6 мянган га талбайгаас 51,6 мянган тонн ургац хураан авна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-08-28 18:11:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд өвөлжилтийн бэлтгэл ажлын асуудлаар аймгийн ОБГ, ХХААГ, эрүүл мэнд, боловсролын байгууллага, ус, дулаан зэрэг инженерийн шугам сүлжээний мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, болзошгүй байгалийн үзэгдэл салхи, шуурга, цас, бороо зэрэгт зарцуулагдаг хүн хүч, төсөв хөрөнгийн талаар ярилцав. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 21,5 мянган га талбайд тариалалт хийснээс 1413 га талбайн ургац алдаж 19,6 мянган га талбайгаас 51,6 мянган тонн ургац хураан авахаар тогтоожээ. Үүнээс 9,7 мянган га-гаас 11,4 мянган тонн улаан буудайн ургац хураан авах тооцоотой байна гэж аймгийн ХХААГ-ын дарга З.Нэргүй мэдээлэв.

1,2 мянган тонныг ирэх оны тариалалтад, 600 тонныг үрийн улсын нөөцөд, 9,3 мянган тонныг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрлэлд нийлүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Мөн 6,1 мянган тонн төмс, 13,9 мянган тонн хүнсний ногоо, 806,5 тонн тосны ургамал, 806,4 тонн малын тэжээл хурааж авах юм байна.

Засгийн газрын 285 дугаар тогтоол гарч, аймгийн аюулгүй нөөцөд 60 тн өвс, 20 тн тэжээл, сумын аюулгүй нөөцөд сум тус бүрт 50 тн өвс, 25 тн тэжээл, нийт 260 тн өвс, 120 тн тэжээл бэлтгэх даалгавар өгөгдсөний дагуу нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ