"Хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-08-27 21:35:40
Баянхонгор /МОНЦАМЭ/. Оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий "Хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээг эхлүүлжээ. Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх ажлууд мөн хугацаанд өрнөх юм байна.
Аймгийн Цагдаагийн газраас хэрэгжүүлж буй тус арга хэмжээний хүрээнд, сургуулиудын ойр орчимд эрсдэл бүхий цэгүүдийг тодорхойлж цагдаагийн байгууллагын авто, явган эргүүл ажиллуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрхзүйн сургалт зохион байгуулан эцэг, эхийн бүлгэм, сургуулийн зөвлөмж, мэдээлэл өгч ажиллах аж. Мөн гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдож, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж цагдаагийн байгууллагын түр саатуулах байранд орсон оюутан, сурагчдын судалгааг өдөр бүр гаргаж тухайн сургуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр албан мэдэгдэл, шаардлагыг хүргүүлжээ.
Түүнээс гадна Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг газруудад хяналт шалгалтын ажлуудыг тогтмол зохион байгуулж, 21-ээс доош насны хүнд согтууруулах ундаа худалдан борлуулсан, түүгээр үйлчилсэн газруудад хуулийн дагуу хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлнэ гэв.
"Хичээлийн шинэ жил" арга хэмжээний хүрээнд иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, цагдаагийн байгууллагатай мэдээ мэдээлэл солилцож хамтран ажиллахыг аймгийн Цагдаагийн газар уриаллаа.
Холбоотой мэдээ