100 айлын автозамын шинэчилсэн хэсгийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-27 15:09:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-12-р хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн гудамжны 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх автозамыг шинэчилж дуусган, өнөөдөр уг замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ.

Нийтдээ 1.6 км урт, 12 метр өргөнтэй, дөрвөн эгнээ замын ажилд 3.4 тэрбум төгрөг зарцуулсан талаар Нийслэл хотын зам тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ, “Замын ажил бүрэн дуусаагүй байна. Энд явган хүний 2.5 метр өргөнтэй зам болон дугуйн зам, гэрэлтүүлэг, мөн ус зайлуулах шугам бүхий цогц зам барьж байна. Мөн энд инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажил багтаж буй”-г мэдээлж байна. Уг зам намгархаг хөрстэй байдаг тул явган хүний болон дугуйн зам барихад 30-50 см ухаж, өнгөн хөрсийг хуулжээ.

100 айлын зам нь 1965 оноос хойш, 40 жил том засвар хийгээгүй иржээ. Худалдааны төвүүд төвлөрсөн, нийслэл хотын төв замын гол ачааллыг “үүрэгч”, хөл хөдөлгөөн ихтэй байдаг уг замын чанар, стандартыг хангаж ажилласныг мэдэгдэж байна. Өнөөдөр нээж буй замыг 10 жилийн баталгаатай хэмээн нийслэлээс мэдээлж байна. Явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлыг 10 дугаар сард дуусгах аж. Шинээр нээж буй автозам таван зогсоолтой байх бөгөөд энд цахилгаан машиныг цэнэглэх боломжтой байх юм. 

Холбоотой мэдээ