Монгол Улс Хүүхэд хамгаалах түншлэлийн компакт гэрээнд хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-27 10:37:44
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, АОДАГ-ын дэд захирал Д.Ганболд нар АНУ-ын Төрийн департаментын Хүний наймаатай тэмцэх, хянах албаны даргын зөвлөх Жэйн Сигмон тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүрээн авч уулзлаа.

Уулзалтаар АНУ-аас бусад улсад үзүүлдэг тусламжийн төрөлжсөн хөтөлбөрийн нэг болох Хүүхэд хамгаалах түншлэлийн компакт гэрээнд Монгол Улс хамрагдахаар болсныг мэдээлж, талууд гэрээ байгуулах талаар санал солилцов.

Хүүхэд хамгаалах асуудлаарх түншлэлийн компакт гэрээ хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж, үүнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж буй Монгол Улсын Засгийн газар болон иргэний нийгмийн хүчин чармайлтыг эрчимжүүлэх, уялдаа холбоог сайжруулахад чухал хувь нэмэртэй юм. Энэхүү компакт гэрээнд хамрагдсанаар АНУ-ын хүний наймаатай тэмцэх тусламжийн хүрээнд таван сая ам.долларын санхүүжилтийг манай улсын хүүхэд хамгаалах, хүүхэд худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа, хүчин чармайлтад зориулан олгох боломжтой юм.

АНУ нь анхны Хүүхэд хамгаалах түншлэлийн компакт гэрээг 2015 онд Гана Улсын Засгийн газартай байгуулсан бөгөөд түүнээс хойш Филиппин, Перу, Ямайка зэрэг улстай байгуулаад буй юм.


Холбоотой мэдээ