Цамбагарав ууланд алга болсон гэх Италийн иргэн Улаанбаатар хот руу явсан нь тогтоогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-26 16:33:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Итали Улсын иргэн, 76 настай Л энэ сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт орших Цамбагарав ууланд авиралт хийхээр гараад буцаж ирээгүй гэсэн мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулаад байсан билээ.

Тухайн иргэний хувьд аялал жуулчлалын “Казак тоур” компанийн суудлын автомашинаар өглөө Цамбагарав уулын бэлд хүргүүлж, "ууланд авиралт хийгээд мөн өдрийн 17:00 цагт бууж ирнэ" гэж жолоочдоо хэлээд явсан аж. Иргэн Л товлосон цагт буцаж ирээгүй тул “Казак тоур” компанийн удирдлагууд  энэ сарын 25-ны өдрийн 10:18 цагт аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.

Дуудлагын дагуу тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан  алба хаагчид эрэлч нохойгоор 25-ны өдрийн 15:50 цагаас эрэн хайх ажиллагаа явуулж эхэлжээ. Эрэн хайх ажиллагааны явцад иргэн Л уулнаас буусны дараа машиндаа очилгүй тус сумын малчин Д-гийн гэрт хоноод, 25-ны өдөр Өлгий-Улаанбаатар чиглэлийн автобусаар Улаанбаатар хот руу явсан нь тогтоогдсон байна. 

"Тухайн иргэний хувьд эсэн мэнд байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод хүрнэ. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 10 цагаас зогсоосон" гэж аймгийн ОБГ-ын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад З.Азат манай агентлагт мэдээллээ.

Холбоотой мэдээ