Дархан сумын 522 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоно

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-08-21 11:04:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 5 дугаар багийн 522 өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг хийж байна. дугаар баг руу татах энэхүү инженерийн шугам сүлжээний ажил нь улсын төсвийн 5.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй аж. Гүйцэтгэгчээр 14 жилийн туршлагатай “Бурхант Хясаат” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ онд 1.5 тэрбум төгрөгийн ажил хийх талаар тус компанийн ерөнхий инженер С.Алтангэрэл хэлж байна.

2017 оноос эхлэн гэр хороололд дэд бүтэц шинээр татах ажлыг Дархан сумын 8 дугаар багаас эхэлсэн. Харин 2019 оноос Дархан сумын 5, 6, 7 дугаар багийн гэр хороолол руу дэд бүтэц татах ажлыг эхлүүлээд байна. 

Энэ хүрээнд 8 дугаар сард Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчид, Залуучууд, Цагаан нуур болон Үйлдвэрийн хэсгийн айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох ажил эхэлсэн. Энэ ажлын хүрээнд дулаан, цэвэр ус, хэрэглээний халуун усны 4900 м шугам, бохир усны 5224 м шугам, ус дулаан дамжуулах нэг төв, 133 худаг барьж тухайн хэсэгт амьдардаг 522 өрхийн 2810 иргэн төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдож, амьдрах орчин нөхцөл нь сайжрах юм.

Дархан сумын 5-8 дугаар багийн гэр хороололд дэд бүтэц татах ажилд улсын төсвөөс нийт 19 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд 2020 онд бүрэн хэрэгжиж дуусна.

 

Холбоотой мэдээ