Ч.Улаан: Ургац хураах үед стратегийн хүнс экспортолж, импортлохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-20 13:04:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил улсын хэмжээнд 361 мянган га-д үр тариа тариалсан талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээллээ. 

Одоогийн төлөв байдлаас урьдчилан харахад, Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац олон жилийн дундаж хэмжээнд буюу хэвийн байх аж. Харин Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн зарим суманд хэт халуун, гантай байсны улмаас ургац бага зэрэг буурах төлөвтэй байна.

Наймдугаар сарын 25-ны өдөрт багтаан ургацын урьдчилсан балансыг нарийвчлан гаргаж, холбогдох ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар тэрээр Улсын Онцгой комиссын хуралдаан дээр мэдэгдэв.

Мөн энэ наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд гоц халдварт өвчин гараагүй бөгөөд энэ нь өнгөрсөн оноос эхлэн мал эмнэлгийн босоо тогтолцоог бүрдүүлж ажилласны үр дүн гэдгийг онцолж байв.

Хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор мал төллөх болон ургац хураах хугацаанд стратегийн хүнсийг экспортолж, импортлохгүй байх зохицуулалтыг Засгийн газрын энэ оны наймдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжээд буйМөн энэ жил улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 100  мянган тонн тэжээл бэлтгэх талаар мэдээллээ. 

Холбоотой мэдээ