Өвөрхангайн багш нар боловсролын сургалтын хөтөлбөрийн чиглэлээр чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-08-20 18:36:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/."Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Өвөрхангай аймагт тус сургалт өнөөдөр эхэлсэн бөгөөд аймгийн боловсролын салбарын 1600 гаруй багш хамрагдаж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын сайжруулсан хөтөлбөртэй танилцан мэргэжил арга зүйгээ дээшлүүлж байна.

Сургалтыг нээж, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ, “Сурагчид даалгавраа хийж барахгүй гэх, багш нар бичиг цаасныхаа араас өндийж сурагчдадаа цаг зав гаргах боломжгүй байна, хичээлийн хөтөлбөр хэт их шахуу байна” гэх гомдол, шүүмжлэлүүд багш нар төдийгүй эцэг, эхчүүдийн дунд их байдаг. Тэгвэл хичээлийн шинэ жилээс өмнө сургалтын цөм хөтөлбөрийг засаж сайжруулж дээрх асуудлыг шийдвэрлээд байна” гэв.

Боловсролын сургалтын хөтөлбөрийг 4-10 жилийн давтамжтайгаар шинэчилж иржээ. Одоо мөрдөж байгаа бага боловсролын сургалтын хөтөлбөрийг 2014, суурь боловсролын хөтөлбөрийг 2015, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг 2016 оноос батлан хэрэгжүүлж байгаа юм.

Энэ удаагийн сайжруулалт нь зөвхөн сургалтын хөтөлбөрийн агуулга төдийгүй зорилго, зорилт, үнэлгээний арга зүйг сайжруулснаараа онцлог хэмээн сургагч багш нар хэлж байлаа.

 

 

Холбоотой мэдээ