Ч.Гарамгай: Боломжтой хүмүүст дахин боломж олгох нь шударга бус

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-19 12:06:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн “Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцанд хамрагдах эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд өнөөдрөөс баримтуудаа баталгаажуулж эхэллээ.

Тодруулбал, хоёр 7 хоногийн өмнө иргэдийг цахимаар бүртгэж дууссан. Улмаар бүртгэсэн иргэдийг сонгон шалгаруулах ажиллагаа өнгөрсөн 7 хоногт мөн өндөрлөж, тэнцсэн иргэд өнөөдрөөс эхлэн энэ сарын 23-ныг дуустал Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад ажлын цагаар очиж орон сууцанд орох материалаа баталгаажуулах юм.

Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах үйл явц ийнхүү дүрэм журмынхаа дагуу шат дараатай үргэлжилж байгаа хэдий ч бүртгэл хариуцсан Нийслэлийн Орон сууцны корпорац (НОСК)-ын үүдэнд иргэдийн хөл татрахгүй байна. Энд бүртгэлээс хоцорсон, дутуу бүртгүүлсэн гэхээсээ илүү цахимаар холбогдож мэдээлэл авч чадаагүй захын гэр хорооллын “Одоо яах вэ?” гэсэн иргэд цөөнгүй байна. Тэд сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэхээ мэдэх гэсэн, тэнцээгүй нь яагаад гэсэн гомдол, саналтай байгаа аж. Тэдний дундаас өөрийгөө төрийн албан хаагч гэж танилцуулсан Ч.Гарамгайтай уулзав.


Ч.Гарамгай: Би бэлэн юм гуйгаагүй



ИНЕГ-ын Нислэгийн удирдах газрын аюулгүй байдлын албанд ажилладаг тэрээр Түрээсийн орон сууцны төрийн албан хаагчдын ангилалд бүртгүүлжээ. Дөрвөн өнчин дүүтэйгээ, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд гэр хороололд айлын гэр түрээслэн амьдардаг аж. Өрх толгойлж байгаа гэдгээр түрээсийн орон сууцанд орох нөхцөл боломжтой гэж үзэж энэ ангилалд бүртгүүлжээ. Гэтэл төрийн албанд олон жил ажилласан байх ёстой гэсэн шаардлага нь амьдралд нийцэхгүй байна гэж Ч.Гарамгай үзэж байна.

Тэрээр хэлэхдээ, “Би төрийн албанд ажилд ороод нэг жил болж байна. Төрийн албан хаагчдыг ийм байдлаар эрэмбэлэн шүүх гэж байгаа нь залуучуудаа ялгаварласан, шударга биш нөхцөл болж байна. Төрд нэг жил ажиллаж буй залуу, 10 жил ажилласан ажилтны хооронд мэдээж ялгаа бий. Олон жил төрд тасралтгүй ажилласан хүмүүс бол ажил, амьдралын хувьд байр сууриа олсон, боломжийн болчихсон байгаа гэж би үзэж байна. Ийм ялгаатай байдлыг харгалзан тавьж буй шаардлагаа эргэн харж, дөнгөж ажлын гараагаа эхэлж буй залуу албан хаагчдаа дэмжмээр байна. Хэрэв боломжтой хүмүүст нь дахин боломж олгох гэж байгаа бол энэ нь шударга бус явдал” гэв.

Ч.Гарамгайн хувьд бүртгэл хаагдахаас хоёр өдрийн өмнө бүртүүлжээ. Надад “Таныг амжилттай бүртгэлээ” гэсэн хариу ирсэн. Миний хувьд түрээсийн байрны эргэн төлөгдөх төлбөрийг хангалттай төлөх боломжтой. Хэрэв над шиг хүнийг бүртгэлээс хаслаа гэхэд энэ талаар ил тод мэдээлэх хэрэгтэй.  Амьдрал дээр гудамжинд дөрвөн өнчин дүүтэйгээ явж буй төрийн албан хаагчийг төр, засаг арай л хаячихгүй, хасахгүй байх. Би бэлэн юм гуйгаагүй. Гагцхүү орон сууцжуулах төрийн ажил хууль ёс, дүрэм журмынхаа дагуу шударга, хүртээмжтэй, нарийн хяналт шалгалттай, хамгийн гол нь хэн нэгнийг ялгаварлах бус, зорилтот бүлгээ харж үзсэн байгаасай. Хэрэв ингэж ялгаа, ялгавартай хандах юм бол хэн ч орон сууцанд орох боломжгүй юм байна” гэж арга ядсан байдлаа ярилаа.


НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм:

Бид нэг ч хүний мэдээллийг наана цаана оруулаагүй


Түрээсийн орон сууцны журмаар төрийн албан хаагчдад энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр ангиллаар орон сууцны нийт 144 байрны квот олгож, энэ тооны хүнийг хамруулахаар тусгажээ. Дээрх квотод бүртгүүлсэн төрийн албан хаагчид 5 мянгаас даваад байгаа бөгөөд бүртгэл хаахаас хоёр хоногийн өмнө, хугацаандаа бүртгүүлсэн Ч.Гарамгайн хувьд 4 мянгад жагсаж буй аж. Тиймээс түүнд түрээсийн орон сууцанд орох эсэх нь эргэлзээтэй байна. Ийм нөхцөлд бүртгэлд хамрагдсан төрийн албан хаагчдыг шударгаар эрэмбэлж сонгох нь чухал байгаа. Учир нь Ч.Гарамгай шиг түрээсийн орон сууцны бүртгэл, хамруулалтын журмын шаардлага амьдралд нь нийцэхгүй, буруу байна гэсэн иргэд цөөн бус байна. Түрээсийн орон сууцны төрийн албан хаагчдын ангиллын жагсаалтад төрд ажиллаж буй залуу хүмүүс, тэдний гэр бүлийн амьдралыг дэмжиж, ирээдүйд нь боломж олгох үүднээс сонгон шалгаруулалтыг шударга хийгээсэй гэсэн хүн олон байна.

Тэдний санал гомдолд НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэмийн хариулахдаа, “Цахимаар бүртүүлсэн 35.058 иргэний материалыг 972 байрны тоондоо хуваахаар нэг байранд дунджаар 80 иргэн өрсөлдөж байгаа юм. Тэгэхээр нэг хэсэг нь гомдолтой хоцорно гэсэн үг. Тийм учраас иргэд “Би яагаад тэнцээгүй юм бэ” гэж бухимдаж байна. Манай мэргэжилтнүүд тэр бүрт, нэг бүрчлэн тайлбарлаад өгч байгаа” гэв.


Тэрээр, “Нийгмийн зорилтот бүлгийн найман ангиллаас төрийн албан хаагчийн ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрт зарим хүн олон удаа давхар бүртгүүлсэн зөрчил гарсан. Бид бүгдийг нь жагсаалтаас хасаж, ийм алдаатай 24 хүний мэдээллийн зөрчлийг арилгасан. Тавьж буй шаардлага, нөхцөл байдлын талаар бид журмаа л дагаж, зөвхөн бүртгэлийг хариуцсан. Цахим бүртгэлийн эх материал нь хууль хяналтын байгууллага болон сонгон шалгаруулалтын тусгай комисст ч байгаа. Мэдээллийг яг байгаагаар нь нийтэд ил тод тавьж байгаа.

Гэхдээ иргэдийн хувьд, хувийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй мэдээлж байршуулж болохгүй эрх зүйн зохицуулалт бий. Холбогдох байгууллагууд мэдээллийг өдөр бүр хянаж байна. Бид нэг ч хүний мэдээллийг наана цаана оруулаагүй” гэсэн хариу өгөв.


Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэд 10-аас дээш материал бүрдүүлнэ


Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн бичиг баримтыг өнөөдрөөс хүлээн авч эхэлж байгааг бид дээр мэдээлсэн. Эхний шатанд тэнцсэн иргэд зорилтот найман ангилал тус бүрдээ 10-аас дээш материал бүрдүүлж, Нийслэлийн НЦҮНТ-ийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад ажлын цагаар өөрийн биеэр очиж, баталгаажуулах юм.




Хэрэв заасан хугацаанд материалаа өгөөгүй, дутуу материал болон хуурамч материал өгсөн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасахыг анхааруулжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангасан эсэхээ мэдэхийг хүсвэл https://nosk.ub.gov.mn/#/system/khuselt вэб сайтад хандана уу гээд найман ангилал тус бүрт иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар мэдээлжээ.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

 

 

Холбоотой мэдээ