Б.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-08-18 14:42:46

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ирэх долоо хоногт Европын Холбооны /ЕХ/ удирдагчидтай уулзах үеэрээ “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэх хүсэлт гаргах төлөвтэй байна.


Их Британи гэрээтэй эсвэл гэрээгүй эсэхээс үл хамааран ирэх 10 дугаар сарын 31-нд ЕХ-ноос гарна гэдгийг Б.Жонсон сануулахаар төлөвлөж байгаа ажээ. Гэсэн хэдий ч Франц, Германд зохион байгуулах уулзалтуудын үеэр “Brexit”-ийн асуудлаарх хэлэлцээ удаан үргэлжлэхгүй гэж Ерөнхий сайдын алба үзэж байна.


Үүний зэрэгцээ “Sunday Times” сонины олон нийтэд дэлгэсэн Засгийн газрын баримт бичгүүдэд Их Британи ЕХ-ноос гэрээгүйгээр гарсан тохиолдолд хоол хүнс, эм тариа, шатахууны хомсдол үүсэж болзошгүйг анхааруулсан байжээ. Харин Засгийн газрын зүгээс энэ талаар тайлбарлахдаа, уг баримт бичгүүдэд цаашид үүсэж болзошгүй нөхцөл байдлыг бус гэрээгүй “Brexit”-ийн учруулах эрсдлүүдийг тооцоолсон байсан гэжээ.


Б.Жонсон Германы Канцлер Ангела Меркельтэй уулзахаар лхагва гарагт Берлин хотыг зорино. Мөн тэрбээр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой пүрэв гарагт Парис хотод уулзана.


Эдгээр уулзалтын үеэр Б.Жонсон Их Британийн парламентын гишүүдийн гурван удаа батлаагүй, Ерөнхий сайд асан Тереза Мэйн гэрээний оронд өөр шинэ гэрээ хэлэлцэх шаардлагатайг онцлохоор төлөвлөж байгаа боловч ирэх долоо хоногийн сүүлээр “Их 7”-гийн уулзалт болох гэж буйтай холбоотойгоор талууд гадаад бодлого, аюулгүй байдал, худалдаа, байгаль орчны асуудлыг голчлон хэлэлцэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ