Үндэсний цомын өнгөрсөн жилийн аваргууд энэ удаа хүрэл медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-19 11:33:20

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үндэсний Цом 2019” хөл бөмбөгийн тэмцээн энэ жил Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо болсон.

Тэмцээнд 2018 оны "Үндэсний цом" тэмцээний аварга Увс аймгийн шигшээ багийн тамирчид дээд шатны хүрэл медалийн төлөө Дорнод аймгийн багтай учраа тааран тоглож 1:0-ээр ялжээ. Ингэснээр Увс аймгийн Хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид сүүлийн таван жил “Үндэсний цом”-ын тэмцээнд тасралтгүй медальт байрт шалгарсан амжилт үзүүлээд байна.

Өнгөрсөн хугацаанд тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалийг Увс аймгийн хөлбөмбөгчид хүртжээ. Тоглолтын 85 дахь минутад Увс аймгийн 9 дугаартай хагас хамгаалагч Т.Төртогтох гоол оруулснаар ийнхүү Увс аймгийн шигшээ баг хүрэл медалийн болзол хангасан аж. "Үндэсний цом 2019" тэмцээний дээд шатны "А" хэсэгт Увс, Дорнод аймгийн багууд адилхан 2:0-ийн хожилтой байжээ.

Увс аймгийн удирдлагууд болон орон нутгийн "Мөнхжим Өргөө", "Амарсанаа", "Гурван тэрмис", "Ундарга-Увс", "Ундрах бүтээмж, "Ус-Эрдэнэ" “АЗЗА”, “ББЭХС "Цалгар" зэрэг төрийн болон хувийн хэвшлийн компаниуд аймгийнхаа хөл бөмбөгийн шигшээ багийг дэмжиж ажилласан байна.

 

Холбоотой мэдээ