Мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 1.5 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-16 11:35:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн долоодугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувиар буураад байна.

Үүнд хүнсний зарим бараа, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 1.5 хувь, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 9.4 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн талаар ҮСХ-ноос мэдээлж байна.

Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн долоодугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 23.8 хувь буюу 82 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 26 бараа, үйлчилгээний үнэ буурсан бол 236 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй, тогтвортой байгааг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан мэдээллээ.


Орон нутагт Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Дорноговь, Булган, Дархан-Уул аймагт хэрэглээний бараа, үйичлгээний үнэ өмнөх сараас 0.1-1.6 хувиар буурсан байна. Хэнтий, Увс аймагт өөрчлөлтгүй, бусад аймагт 0.1-0.5 хувиар өсжээ.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ