Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, дулаалгын багц төхөөрөмж суурилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-15 11:39:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн "Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийг бууруулах" нь төслийн хүрээнд IV, V багийн 200 гаруй өрхөд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, дулаалгын багц суурилуулахаар болжээ.

Өрхийг сонгохдоо монгол гэрт амьдардаг, 0-5 насны хүүхдүүдтэй, уг бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд олон нийтэд танилцуулж, төсөлд тавигдах шаардлагыг хангах, дулааны станцад холбогдох эхний таван гудмаас хойшхи гудамд оршин суудаг өрхүүдээс сонгож төхөөрөмжийг суурилуулах аж.

Баянхонгор аймаг НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран "Утаагүй Баянхонгор" төслийг 2019-2022 онд хэрэгжүүлэхээр болсон. Дээрх ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль, Баянхонгор сумын ЗДТГ хамтран V, VI багийн Өрхийн эмнэлгийн хуучин байрыг дулаан алдагдалгүй технологиор засварлажээ.

Энэхүү байр нь агаарын бохирдлыг бууруулах, иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалт, гэр байшин дулаалгын чиглэлээр мэдээлэл хүргэх, дэвшилтэт тоног төхөөрөмжийг танилцуулж ажиллах юм байна.

Холбоотой мэдээ