Нарангийн хөндийд “Адуучин” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-14 14:20:34

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан “Булганхангайн адуучин-2019” тэмцээн тус сумын Жаргалант багийн нутаг Нарангийн хөндийд боллоо.

Тэмцээнд 11 сумын, 25 багийн 50 адуучин уурга шүүрэх, морьтой шургуулж уургалах, явган бугуйлдах, эмнэг булгиулах зэрэг төрөлд авхаалж самбаа, ид хаваа гайхуулан өрсөлджээ.

Гурванбулаг сумын адуучин Б.Болдбаатар, М.Мөнхбат нарын баг нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарсан бол шилдэг уурга шүүрэгчээр Хишиг-Өндөр сумын адуучин Э.Хонгор, шилдэг эмнэг булгиулагчаар Могод сумын адуучин У.Ууганбаяр, бугуйлчинаар Хишиг-Өндөр сумын адуучин Б.Галбадрах,  уургачаар Хишиг-Өндөр сумын адуучин Б.Түвдэндорж нар шалгарав.

Мөн сайхан айраг шалгаруулах, дэмбээ, айраг уух тэмцээн зохион байгуулсан байна. Үндэсний өв соёл, ёс заншлаа хадгалах, аймаг, улсдаа алдартай мал маллагааны арга барилтай адуучин төрүүлэх зорилгын дээрх тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон гэж сумын Залуучуудын холбооноос  мэдээлэв.

Холбоотой мэдээ