ЦАГИЙН УРСГАЛ ДУНД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-08-12 15:42:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Өнгөрч буй цаг хугацааны хаа нэгтээ бүдгэрэлгүй үлдсэн дурсамжууд бидэнд бий. Мөн яг одоо цагт алга болохоос нь өмнө шүүрч авах ёстой агшин хором байдаг. Энэ бол цаг хугацааны урсгал дундаас өөртөө авч үлдэх хамгийн үнэтэй зүйл. Дурсамж үргэлж дотно дулаан байдаг. Тиймээс ч тэрхүү бүлээхэн дурсамжийн дун дах аялал нь ямагт цоо шинэ зүйлс, “өөр өвөрмөц ертөнц”-өөр дүүрэн байх нь ойлгомжтой.  Яг л тийм аялалыг Хаан галерейд тун саяхан нээлтээ хийсэн “Цагийн урсгал” олон улсын үзэсгэлэнгээс мэдрэх боломжтой.


Солонгос уран бүтээлч Ким Чанхогийн орчин үеийн хамгийн завгүй хот Нью-Йоркийн амьдралын хэмнэлийг харуулсан 3D гэрэл зургууд ихээхэн сонирхол татах бол алс холын Франц улсын зураач Люк Тибурсын бар зургийн бүтээлүүд нууцлаг хийгээд өвөрмөц сэтгэгдэл төрүүлнэ.


Орон орны уран бүтээлчдийн өөр өөр өнгө төрхийг энэхүү үзэсгэлэнгээс олж харна. Монголын орчин үеийн шилдэг есөн уран бүтээлч энэхүү үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн нь содон, басхүү сонирхол татам байсныг онцлууштай. Ялангуяа уран бүтээлч У.Нарбаясгалангийн “Дотоод үйлдэл” өрөг урлагийн бүтээл үзэгчдийн сэтгэлийг ихээр татсан юм. Махны мод, махны машин, дэлгэцээр харуулж буй мах машиндаж буй бичлэг, тэнд бүрдүүлсэн орчин, модны үнэр...  Тэрээр байгалийн  жам ёсны зохицлыг энэ бүтээлээрээ харуулахыг зорьжээ.




Мөн зураач Б.Батдэлгэрийн бар зургийн бүтээлүүд, Н.Сүхбүрэнгийн баримал, Ө.Эрдэнэбулганы хөрөг, С.Батсайханы интолляци, Г.Гэрэлхүү, Э.Найдандорж, Ж.Мөнхжаргал, Ц.Баттөр нарын ажлууд Монголын орчин үеийн дүрслэх урлаг ямар түвшинд явааг илэрхийлж чадсан сайн бүтээлүүд болж чадсан хэмээн үзэгчид дүгнэж байв.


Аливаа бүтээлд өөрийн гэсэн тодорхой орон зай, шинж чанар байдаг. Зарим нь утга санааны хувьд ганцхан талтай байхад, нөгөө нь олон утга санааг дотроо агуулсан байж болдог. Энэ нь тухайн уран бүтээлчийн арга барилтай нэвт холбоотой.




Ким Чанхогийн Нью-Йоркийн амьдралын хэмнэлийг харуулсан гэрэл зургуудын өнгө бүр өөртөө эрх чөлөөг агуулсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Урлагаар дамжуулан өөрийгөө хүн төрөлд тэнцэхүй гэж бодох боломж цэцэгсээр дүүрсэн тал нутаг эсвэл Нью-Йоркийн завгүй амьдрал, түмэн хүн үймсэн гудамжны өнгө өнгийн гэрэл дор ч төрж болно. Аль аль бодол загварчилдаг. Гунигтай хар цагаан зураг, цаг хугацаа, томоохон хотуудын хөгжил үнэртсэн өнгөлөг гэрэл зургуудын аль алинаас нь Японы алдарт зохиолч Дайзү Осаму, түүний өгүүллэгүүд л мэдрэгддэг. Учир нь хүн бүр, улс үндэстэн болгон өөр ч гэлээ урлагийн гол үндсэн үүргүүд нь нэг байдаг. Тиймдээ ч зарим зургууд үзэгчдэд яг ижилхэн мэдрэмж төрүүлэх нь олонтаа тохиолдоно.


Монгол Улсад сүүлийн жилүүдэд олон улсын үзэсгэлэнгүүд ихээр зохиогдох болсон. Мөнхүү гадаадын улс орны уран бүтээлчид Улаанбаатарын галерейд өөрсдийн орны онцлогийг харуулсан бүтээлүүдийг цогц үзэсгэлэн болгон нээх нь ч олширсон юм. Басхүү монгол уран бүтээлчид дэлхийн томоохон үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргасаар байна. Энэ бүхэн нь соёл уламжлалын үнэ цэнийг таниулах, уран бүтээлчид цаашид урлагийн салбар төрөл бүрт дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжийг улам ахиулсаар буй онцлогтой ажлууд юм.


Энэ удаагийн “Цагийн урсгал” үзэсгэлэнд гэхэд л Итали, Франц, Мьянмар, Тайланд, Өмнөд Солонгос, Монголын 20 гаруй уран бүтээлчийн хамтран оролцсон бөгөөд урлагийн бүх төрлийн бүтээлүүдээс дээжилснээрээ онцлогтой. Үзэсгэлэнд ийнхүү 8 орны 70 гаруй зураачийн бүтээлийг дэлгэн тавьсан байна. Тухайлбал, нэн шинэ үеийн өрөг урлагийн бүтээлээс гадна уран зураг, гэрэл зураг, баримал, үйлдлийн урлаг, холимог техник, бар зургийн бүтээлүүдийг нэг дор үзэж сонирхох боломж нээгджээ.




“Цагийн урсгал” нэр нь цаанаа утга агуулгын хувьд их том. Өнгөрсөн 2017 онд гэхэд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ш.Чиммэддорж “Цагийн урсгал” нэртэй үзэсгэлэнг мөн толилуулж байсан билээ. Цаг хугацааны урсгал тухайн бүтээлийн сайн мууг ялгадаг. Хэчнээн томоохон шүүмжлэгчид аливаа бүтээлийг үнэлж, дүн тавьсан ч эцэстээ сайн бүтээл цаг хугацааны шүүлтийг давж байж л хүн төрөлхтний урлагийн сод туурвил болж чаддаг билээ.


Ирээдүйд “Цагийн урсгал”-ийг давах олон уран бүтээлүүд туурвигдах болно. Эхлэл нь цогц үзэсгэлэн болж та бидэнд хүрсээр л байна.

 

 

Холбоотой мэдээ