ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайдын айлчлал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-08-08 15:59:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Александр Васильевич Фомин өнөөдөр манай улсад айлчилж байна. Түүнийг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хүлээн авч уулзав.

Уулзалтаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэргийн наадам-2019” олон улсын уралдаан тэмцээний хүрээнд Монгол Улсад болж буй олон улсын морин цэргийн “Аравт” уралдааны талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ОХУ-ын БХЯ-наас олон улсын хэмжээнд зохион байгуулж буй таван удаагийн цэргийн уралдаан тэмцээний үйл ажиллагааны дөрөвд нь Монгол Улсын зэвсэгт хүчин оролцож байгааг онцолж байв.




Мөн тэрээр “ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд манай улсад зохион байгуулж буй олон улсын морин цэргийн “Аравт” уралдааны хаалтын ажиллагаанд оролцохоор ирсэн нь хоёр орны арми, зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаанд ОХУ-ын өндөр ач холбогдол өгч буйн илрэл" гэдгийг онцлов.


Уулзалтын төгсгөлд БХЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн, ахмад Я.Эрдэнэбилгийг хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын Зэвсэгт хүчний хүндэт медалиар шагнасныг ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд А.В.Фомин гардуулав.


ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Александр Васильевич Фомин Улаанбаатар хот дахь маршал К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлсний дараа “Аравт” олон улсын морин цэргийн тэмцээн болж буй Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг зорьсон юм. Тус төвд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Александр Васильевич ФоминМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, "Аравт" тэмцээний хаалтын ёслолд оролцоод эх орон руугаа буцах юм.


Манай оронд айлчилж буй ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Александр Васильевич Фомин нь ОХУ-ын Гадаад эдийн засгийн холбооны яамны Цэрэг-техникийн хамтын ажиллагааны ерөнхий газрын хэлтэсийн ажилтнаас ОХУ-ын Холбооны "Рособоронэкспорт" төрийн нэгдмэл байгууллагын газрын орлогч дарга, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны захирал хүртлээ дэвшин ажиллаж, 2017 онд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайдаар томилогджээ.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ