АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспэр манай улсад айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-08-08 14:30:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспэр манай улсад өнөөдөр айлчилж байна.

Түүнийг БХЯ-нд хүрэлцэн ирэхэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд угтан авлаа. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспэр Монгол Улсын зэвсэгт хүчний Хүндэт харуулд хүндэтгэл илэрхийлсний дараа хоёр орны сайд нар уулзлаа.

Сайд нар Монгол Улс Энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож байгаа болон хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар  ярилцав. Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд АНУ нь тэргүүлэх чиглэлийн орон бөгөөд тус улстай батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа манай тал илэрхийллээ.






Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспэрт хонгор зүсмийн морь бэлэглэлээ. Сайд Марк Т.Эспэр талархал илэрхийлж, бэлгийн морио АНУ-ын генерал Жорж Маршаллын нэрээр нэрлэж буйгаа хэллээ. Тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчний торгон цэргийн морь маллагчид АНУ-ын цэргийн тохом өгч, морийг нь маллаж байхыг хүслээ.
Уулзалтын дараа тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхахаар Төрийн ордныг зорьсон юм.






АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспэрийн айлчлалтай холбогдуулан хоёр орны батлан хамгаалахын хамтын ажиллагааг товч дурдвал, анх хоёр орны хооронд 1991 онд батлан хамгаалахын атташе харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтсон юм. Өнөөгийн хамтын ажиллагаа нь Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хангуулах чиглэлд хөгжиж байна.

Хамгийн сүүлийн жишээнд, энэ оны долдугаар сарын 01-нд Монгол Улсад албан ёсны айчлал хийсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон айлчлалынхаа үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзсан юм. Тэрээр, хоёр орны батлан хамгаалах, цэргийн харилцааны чухлыг онцолж, дэлхийн энхийн үйлст оруулж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоог өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотолсон юм.

Манай улсад нэг өдрийн айлчлал хийж буй АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Т.Эспэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушын засаг захиргааны үед Пентагонд Хэлэлцээрийн бодлого хариуцсан Батлан хамгаалахын дэд сайдын орлогчийн албан тушаалыг хашиж байсан, 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сенатор Фрэд Томсоны ажлын албанд Үндэсний бодлогын асуудал хариуцсан захирал, АНУ, БНХАУ-ын эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хянан тохиолдуулах хороонд Сенатаас томилсон комиссараар ажиллаж байсан юм. 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ