Үерт автсан айлуудын аюулгүй байдлыг хангав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-08-07 14:05:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод энэ сарын 8-нд үргэлжлэн орсон борооны улмаас Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үер буужээ.

Үерийн улмаас айлууд усанд автсан гэсэн таван удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа. Тухайлбал, Нийслэлийн Налайх дүүргийн I хороо “Уурхайчид”-ын 25, 26, 27-р гудамж усанд автсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28-р анги болон Цагдаагийн хэлтсийн нийт 13 алба хаагч техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 250 метрийн урт үерийн ус зайлуулах даланг цэвэрлэж усыг зайлуулжээ.


Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 27-р хороо “Мана” амралтын газрын барилгын зоорийн давхар, мөн 27-р хорооны “Чухаг” хотхоны 21-р байрны зоорийн давхар, VII хорооны “Хилчин”-ий 119 дүгээр гудамж усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29-р ангийн 5 албан хаагч ажиллаж, барилгуудын усыг насосоор соруулж, гудамжны усыг 5 метр урт шуудуу ухаж урсгасан байна.



Чингэлтэй дүүргийн 19-р хороо “Тахилт”, тус хорооны “Доод салхит”-ын айлуудын хашаа, Хандгайт зуслангийн “Задгай”-д иргэн Н-ын гэр усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллаж 5-10 метрийн урт шуудуу ухаж усыг урсгажээ. 

Мөн Хан-Уул дүүргийн 4,10-р хороо 35-р байрны зоорийн давхар, айлын хашаа, гэр усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж, гэр, хашааны усыг 5 метрийн урттай шуудуу ухаж, байрны зоорийн давхарт орсон усыг соруулсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ