Японд нисдэг автомашин туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-07 13:07:31

ТОКИО. /Vesti/. Японы “NEC” корпорац нисдэг автомашин бүтээснээ Токио хотын захад орших туршилтын талбайд туршжээ. Нисдэг автомашин нам өндөрт хөөрч, нэг минут орчим агаарт байсныхаа дараа зөөлөн газардсан байна.


Аюулгүй байдлыг хангах үүднээс уг төхөөрөмжийг “торон” хашаан дотор хөөргөсөн бөгөөд сүүл хэсгийг нь төмөр утсаар газартай бэхэлжээ. Үүнээс гадна, бүхээгт нь хэн ч байгаагүй гэж “Bloomberg” агентлаг мэдээллээ.




“Япон бол хүн ам шигүү суурьшсан улс учраас нисдэг машинууд замын хөдөлгөөний ачааллыг ихээхэн бууруулж чадна” гэж “NEC” корпорацын төслийн удирдагчдын нэг болох Кужи Окада ярьжээ. Тус компани энэхүү нисдэг машинаас гадна, ийм төрлийн төхөөрөмжүүдийн дэд бүтцийг байгуулахаар ажиллаж байгаа аж.


Ташрамд, “NEC”-ийн нисдэг машинаар тун удахгүй зорчих боломжтой. 2023 он гэхэд ийм машинуудыг бараа хүргэлтэд, харин хожим зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглана гэж Японы эрх баригчид тооцож байгаа юм. NEC-ийн түнш компани болох "Cartecator"-ын мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар, 2026 онд нисдэг машиныг цувралаар үйлдвэрлэж эхлэх аж.


Холбоотой мэдээ