Атрын 60 жилд зориулсан “Агро Экспо-2019” үзэсгэлэн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-06 10:43:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн түүхэн ойн хүрээнд ирэх сарын 3-4-нд Сүхбаатарын талбайд хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний “Агро Экспо-2019” олон улсын үзэсгэлэн болно.

ХХААХҮЯ болон Экспо Монгол ХХК-иас зохион байгуулах үзэсгэлэнд үзэсгэлэнд дотоод, гадаадын компаниуд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, түүхий эд материал, дэлхийн шилдэг үр тариа, түүний сортуудын дээжээс дэлгэх юм.


Мөн хүнсний ногоо, газар тариалангийн машин механизм, тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүн, эмийн ургамал, мал аж ахуйн бүтээгдэхүүн, мах, сүүний чиглэлийн малын үүлдэр угсаа, эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмж, мал эмнэлгийн үйлчилгээ, малын тэжээл, мах, сүү, гурил, органик хүнсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулна. Үзэсгэлэнд компани байгууллага, аж ахуйн нэгжүүдээс гадна хувь хүн, айл өрх ч оролцож боломжтойг зохион байгуулагчид хэлж байна.

Aгро Экспо-2019” үзэсгэлэнгийн үеэр сагсан бөмбөгийн 3Х3, жудо бөхийн тэмцээн, хоолны шоу, амталгаат худалдаа, урлаг, соёлын тоглолт болж, салбарын мэргэжилтнүүдийн семинар, малчин тариаланчдын зөвлөгөөн, хөдөө аж ахуйн болон хүнсний зах зээлийн чиг хандлага, салбарын бодлогын талаар хэлэлцүүлэг өрнөх аж.

Үзэсгэлэнд оролцогчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж танилцуулж шинэ хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй болох, бизнес хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага, мэдээ мэдээлэл солилцож, шинэ техник технологитой танилцах, гадаад зах зээл дээр гарах боломжийг ашиглах давуу талтай аж.

Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.agroexpo.mn хаягаар болон 976-11-344010 дугаарын утсаар холбогдож танилцах боломжтой юм

Холбоотой мэдээ