“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төслийн уралдааныг зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-06 09:48:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлажээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар дээрх уралдаан 30 сая төгрөгийн шагналын сантай байх юм. Уралдаан нь мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах шилдэг санааг тодорхойлж, бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилготой аж.


Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. Өнөөдрөөс эхлэн зарлаж буй уг уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлч, ААН-үүдийн бүтээлийг  энэ сарын 16-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Хангарди” ордонд байрлах Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.

Ирүүлсэн бүтээлүүдийг наймдугаар сарын 17-19-ны өдрүүдэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын www.uda.ub.gov.mn цахим хуудсанд байршуулж, олон нийтийн саналыг хүлээн авна.

Шилдэг зураг төслийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Комисс хуралдаж олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтийг үндэслэн шалгаруулах аж.


Уралдаанд ирүүлэх бүтээлд тавих гол шаардлага нь үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий Үндэсний их баяр наадам төдийгүй спортын олон төрлийн тэмцээнийг жилийн дөрвөн улиралд зохион байгуулах боломжтой байхаар төлөвлөх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ