УИХ-ын дарга Г.Занданшатар Баянговь сумын “Зуслангийн өдөрлөг”-т оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-08-05 10:25:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар энэ сарын 04-нд Баянхонгор аймгийн Баянговь сумын “Зуслангийн өдөрлөг”-т оролцлоо.


Энэ өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар хотоос эхо оношилгоо, хүүхэд, эмэгтэйчүүд, гэмтэл, урологи, шүд зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын баг хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн юм. Аймгийн хэмжээнд бүх насныхны дунд шүдний өвчлөл их байгааг эмч нарын багийн ахлагч, “Хонгор дент” шүдний эмнэлгийн их эмч Б.Нацагдорж хэлж байлаа.


Аймгийн удирдагуудаас “Эрүүл шүд” аяныг өрнүүлж, зарим сумдад хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулсан ч эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж эргээд өвчлөл өсөх хандлага байгаа учир онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Орон нутгийн газрын болон ундны усны онцлогоос шалтгаалан иргэдийн дунд дотор эрхтэний өвчлөл багагүй байдаг байна. Малчид нарийн мэргэжлийн эмч нарын багийг удаан хугацаагаар сумдад ажиллуулахыг УИХ-ын дарга болон орон нутгийн удирдлагуудаас хүслээ.


Сумын хэрэгцээний чацарганыг өөрсдөө тариалж байна


Мод тарина тэр дундаа говь нутагт мод, ургамал тарьж ургуулна гэдэг амаргүй ажил. Байгаль цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр бэлчээрийн даац муудаж, цөлжилт явагдах болсон энэ цаг үед Баянговь сумын малчин иргэд мод тарьж, нутаг орноо ойжуулахаар зорьж эхэлжээ. Үүний зэрэгцээ сумынхаа хэрэгцээг бүрэн хангах чацарганы тариалалтыг 2014 оноос эхлүүлсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар эдгээр иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.


Баянговь сумын 5 дугаар багийн малчин н.Сэнгээ: - Бид гэр бүлээрээ мод тарьдаг. Мод үржүүлгийн нийт 30 га талбайн 12 га-д нь сүүлийн хоёр жил хайлаас, улиас, чацарганы мод тарьж байна. Бэлэн суулгац авчирч суулгасан. Мөн ногоон тэжээл тарьдаг. Энд хоёр гэр бүл хамтарч ажилладаг. Хурааж авсан жимсээ сумынхаа сургууль, цэцэрлэг болон зэргэлдээ сумдад нийлүүлдэг. Бүх зүйлээ гар ажиллагаагаар хийдэг учраас усалгааны тоног төхөөрөмж, машин трактор зэрэг зүйлс авах шаардлагатай байгаа. Энд усны боолтын системийг 240 орчим сая төгрөгөөр барьсан. Гольдролыг нь буруу тооцсон учраас ашиглах боломж байдаггүй. Одоо өөрсдөө байнга гар усалгаа хийдэг.


Баянговь сумын 5 дугаар багийн малчин С.Эрдэнэбат: - 2011 оноос мод тарьж, ойжуулах ажлаа эхэлсэн. Өөрсдийн боломжоор мод тарьж байгаа ч машин техник, усалгааны систем дутагдалтайгаас талбайгаа бүрэн ашиглаж чаддаггүй. Манайх 2014 оноос чацарганы модоо тарьсан. Одоогоор хувьдаа 2000 гаруй чацарганы модтой. Жилдээ 700-гаас нэг тонн орчим ургац хурааж авдаг.


Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Баянговь суманд ажиллах үеэрээ улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц байдалтай танилцав.


Баянговь суманд энэ онд нутгийн удирдлагын ордон болон 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил өрнөж байгаа юм. Нутгийн удирдлагын ордныг “Очир заан” ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд сумын 32 иргэнийг ажиллуулж байна. Барилгыг ажил хэвийн үргэлжилж байгаа учраас 2019 оны арванхоёрдугаар сарын 01-нд улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.


“Арвин Хонгор” ХХК-ийн хариуцан ажиллаж буй 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын ажил 70 орчим хувьтай байна. УИХ-ын дарга Г.Занданшатарх, “Хичээл, сургууль эхлэх дөхөж байхад 70 хувьтай байгаа нь хангалтгүй. Энэ сарын 15 гэхэд хүлээлгэж өгөх хэрэгтэй. Хүүхдийн төлөө хийж байгаа ажилд сэтгэлтэй баймаар байна” гэлээ. Мөн удирдлагуудад бүтээн байгуулалтын ажлуудын явцад хяналт тавьж, заасан хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Холбоотой мэдээ