БНСУ-ын хоршоотой хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-01 14:59:15

Улаабаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын хөдөө аж ахуйн “Наксэн” хоршоо, Сүхбаатар аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, тус аймгийн Сүхбаатар сумтай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

Наксэн хоршоо нь Монгол Улсад “Загвар хоршоо” байгуулахад хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, хоршооны хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх болон шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн барилга байгууламж, тоног төхөөрөмжөөр туслах юм.

Санамж бичиг байгуулах үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монгол Улсын Засгийн газар болон яамны зүгээс хоршоодын хамтын ажиллагааг хуулийн хүрээнд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.



ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан энэ оны тавдугаар сард БНСУ-д албан томилолтоор ажиллах үеэр тус улсын Наксэн хоршоотой холбоо тогтоон хамтран ажиллахаар тохирчээ. Үүний дагуу тус хоршооны удирдлага манай улсад ирж, уулзалт хийж хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Төлөөлөгчид БНСУ-ын хоршооны бүтэц, зохион байгуулалт, хоршооны хөгжлийн талаар танилцуулсан бол Сүхбаатар аймгийн төлөөлөгчид мөн сум, аймаг орон нутгийнхаа талаар мэдээлж, цаашид хамтран ажиллах чиглэлээ хэлэлцэж тогтлоо.

Холбоотой мэдээ