Ариун хаж мөргөлд оролцохоор 13 иргэн аяны замд гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-01 15:21:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Саудын Арабын Мекке хотод энэ сарын 10-наас 13 нд болох ислам шашинтнуудын ариун хаж мөргөлд Монгол Улсаас 13 хүн оролцохоор замд гарлаа.

Мөргөлчдийн зургаа нь Улаанбаатар хот болон Ховд аймгаас, долоо нь Баян-Өлгий аймгийн иргэд бөгөөд тэднийг Монголын Мусульман шашны нийгэмлэгийн дэд захирал Х.Даулетбек ахалж байгаа аж. Тэднийг Монголын Мусульман Шашны Нийгэмлэгийн тэргүүн Х.Батырбек хүлээн авч уулзан аяны замд нь үдсэн байна. 

Ардчилсан шинэ Үндсэн хуулиар ард түмэнд шашин шүтэх, эс шүтэх эрхийг олгосноос хойш манай улсын ислам шашинтай иргэд  хаж мөргөлд 22 дахь удаагаа оролцож байгаа нь  энэ ажээ.

Хаж мөргөл нь Ислам шашны үндсэн таван зарчмын тав дахь нь бөгөөд мусульманчууд жил бүр Аллах Эзний үүрэг даалгавар болох ариун хаж мөргөлийг үйлдэхээр дэлхийн өнцөг булан бүрээс яс үндэс, өнгө зүс, хэл яриа үл харгалзан Мекке хотод хуран цугларч, залбирал үйлддэг уламжлалтай аж.

 Энэ жилийн хаж мөргөлд дэлхийн улс орнуудаас хоёр сая гаруй хүн оролцох урьдчилсан тоо байгаа аж.

Холбоотой мэдээ