Вьетнамын ҮБХЯ-ны төлөөлөгчид Монголд айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-07-30 08:51:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Үндэсний батлан хамгаалах яам (ҮБХЯ)-ны Гадаад харилцааны газрын дарга, дэслэгч генерал Ву Чиен Тхангийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд бригадын генерал Х.Батбилэг "Хоёр улсын ард түмэн 65 жилийн түүхэн уламжлалт харилцаатай. Хоёр улсын харилцаанд Батлан хамгаалах салбар чухал байр суурь эзэлдэг. 2014 оноос эхлэн Монгол сонсогчдыг Вьетнам улсын цэргийн сургуульд сургаж байгаад талархал илэрхийлье. Цаашдаа цэргийн сургалт, Батлан хамгаалах аж үйлдвэрлэл, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, цэргийн эмнэлэг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой" гэв.

“Хоёр орны батлан хамгаалах салбарын уламжлалт найрсаг харилцаанд бид олон талаар хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ Вьетнамын ҮБХЯ-ны Гадаад харилцааны газрын дарга, дэслэгч генерал Ву Чиен Тханг илэрхийллээ.

Уулзалтын үеэр UNMISS ажиллагаанд Вьетнам улсын энхийг сахиулагчид манай цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгааг талууд онцолж, харилцан бие биеэсээ туршлага судалж байгааг цохон тэмдэглэсэн юм. Мөн манай улсад анх удаа зохиож байгаа олон улсын морин цэргийн "Аравт" уралдаанд Вьетнамын ажиглагчид оролцож байгааг дурдаж байв гэж БХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ