Евроазийн ард түмнүүдийн холбооны авто аяллын баг Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-07-29 15:35:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Евроазийн ард түмнүүдийн холбооноос зохион байгуулж буй “Эцэг өвгөдийн дуудлагаар” олон улсын авто аяллын хоёр дахь ээлжийн баг өнөөдөр манай улсад ирлээ.

Тус баг ОХУ-ын нийслэл Москва хотоос гараагаа эхэлж, Москва-Ташкент-Нур-Султан-Улаанбаатар-Бээжин-Пхеньян-Сөүл-Москва гэсэн чиглэлд аялж байна. Энэ удаагийн аяллын автомашинууд бүгд БНСУ-ын “Хьюндэй” загварын машинуудаас бүрджээ. Аяллын талаар Монголын талын зохион байгуулагч, менежер Д.Амарбаясгалангаас тодруулбал, “Та бүхэн Евроазийн эдийн засгийн холбоог сайн мэдэх байх. Манай байгууллага тус холбооны дэргэдэх ард түмнүүдийн нэгдлийн, сайн дурын холбоо юм.


Бид Евроазийн улс орнуудын ард иргэдийг ойртуулж, найрамдал, хамтын ажилалгааг бэхжүүлж, улс орнуудын соёл, нийгмийн харилцааг хөгжүүлэх зорилготой. Ялангуяа Солонгосын хойгт энхтайвныг тогтоохын төлөө бид аялж байна. Энэ үүднээс ОХУ, Узбекистан, Казахстан, БНХАУ, БНСУ, БНАСАУ зэрэг зургаан орныг дамнасан автоаяллыг зохион байгуулж байна” гэв.



ОХУ-ын аялагч Э.Н.Ким, “Бид энэ аялалд хоёр тивийн ард түмний элч төлөөлөл болон оролцож байгаадаа баяртай байна. Монгол орон биднийг хуртай угтлаа. Монголчууд их найрсаг ард түмэн юм” гэв. Аялагчид энэ удаа Москва хотоос Улаанбаатар хүртэл 11 мянган км замыг туулан ирээд байна.

Евроазийн ард түмнүүдийн холбоог ОХУ-ын “Ардын элч” болон ОХУ дахь солонгосчуудын нийгэмлэгээс анхлан санаачлан зохион байгуулж Евроазийн бүсийн улс орнуудын бусад холбоо, иргэний нийгмийн байгууллагууд дэмжин ажиллаж байна.

“Эцэг өвгөдийн дуудлагаар-Авто аялал-2019” энэ оны зургадугаар сарын 9-нээс есдүгээр сарын 14 хүртэл үргэлжлэх юм.



Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ