Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдын гавъяаг алдаршуулна

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-07-25 18:23:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны хурал өнөөдөр боллоо.


Хурлын үеэр зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дэд ажлын багийн дарга нар мэдээлэл хийж, бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж буйг танилцууллаа. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт ойн ёслолууд болно гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд дурдав.


Ойн үеэр байлдаанд оролцсон ахмад дайчдын гавъяаг алдаршуулах ажил, ойд зориулсан үзэсгэлэн, “Дайчин нөхөрлөлийн замаар”  Монгол, Оросын залуучуудын тойрон аялал, уулзалт өдөрлөг, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт болох юм. Мөн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд, “Халхын голын ялалт-80”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” Зэвсэгт хүчний түүх, цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн, Халх гол  шинэ сумын нээлт зэрэг олон арга хэмжээ болох юм.


Дээрх ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргахыг Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хорооны гишүүдэд үүрэг болголоо.

Холбоотой мэдээ