Нийслэлд 5 замын хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-07-25 13:37:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЦА-наас нийслэлийн зарим уулзвар, орон сууцны дундах замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа талаар өнөөдөр газар дээр нь мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн:

  • Чингэлтэй дүүргийн I хороо буюу “Тэди” худалдааны төвийн зүүн талын замыг хойноосоо урагш нэг чиглэлд, баруун зам буюу “Найман шарга” валютын захын орчмын замыг урдаасаа хойшоо нэг чиглэлд,
  • “Мөнгөн завьяа” худалдааны төвийн зүүн талаар тэр чигээрээ 33-р цэцэрлэг, 23-р сургууль орчмын замын хөдөлгөөн урдаасаа хойш нэг чиглэлд,
  • Чингэлтэй дүүргийн II хороо буюу “Голомт” банк, “Компьютер ланд” төв орчмын баруун замыг хойноосоо урагш нэг чиглэлд, зүүн замыг урдаасаа хойшоо нэг чиглэлд,
  • Баянзүрх дүүргийн VI хороо буюу “Баянзүрх” захын баруун зам хойноосоо урагш чиглэлд, урд гудамж нь баруунаас зүүн чиглэлд
  • Баянзүрх дүүргийн IV хороо буюу “Американ дэнж”-ийн урд замыг зүүнээс баруун чиглэлд буюу “Гялс” төв хүртэлх орон сууцны хорооллын дундах замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулж эхэллээ.

Дээрх замуудыг нэг чигийн хөдөлгөөнд оруулснаар түгжрэл, ачаалал хэдэн хувиар буурах талаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлстийн чиглэлийн ахлах зохицуулагч, дэд хурандаа С.Чинзоригоос тодруулахад, “Энэхүү ажлыг бид иргэд, оршин суугчид болон албан байгууллага, дүүргүүдээс гаргасан санал хүсэлтийг харгалзан хийж байгаа юм. Ялангуяа хороолол дундах замууд дээр дуут дохио өгөх, жолооч нар зөрж өнгөрөхдөө маргаан үүсэх зэргээр оршин суугчдын тав тухыг алдагдуулж буй гомдол байнга ирдэг. Ачаалал хэдэн хувиар буурах талаар одоогоор нарийн тооцоолсон тоо байхгүй ч ирэх сарын 20-ноос үр дүн нь гарч эхэлнэ. Орон сууцны дундах замуудыг нэг чигийн болгосноор замын хөдөлгөөний ачаалал 10 хувиар буурч, автомашинууд зогсох боломжтой болж байгаа юм. Бид нэг сарын хугацаанд жолооч нарыг мэдээллээр хангах юм. Энэ хугацаанд дээрх зохицуулалтын талаар мэдээгүй жолооч нарыг шууд торгохгүй” гэсэн юм.



Б.Болд

Холбоотой мэдээ