Эрчим хүчний сайд асан М.Сономпилд дөрвөн жилийн хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-25 10:00:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэж, түүнд дөрвөн жилийн хорих ял оноов. 


Тодруулбал, М.Сономпил нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаандаа Дарханы ДЦС-д хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчээр “Хотгор зам” ХХК-ийг сонгон шалгаруулсныхаа хариуд иргэн Х-гээс 266 сая төгрөгийн хахууль авсан нь нотлогдож байна гэж шүүх үзжээ.


Тиймээс шүүхийн шийдвэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, М.Сономпилд дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй ангид биечлэн эдлүүлэх, хууль бусаар олж авсан 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ