Пентагон Мексикийн хил рүү 2100 цэрэг илгээнэ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-07-18 14:52:29

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамны хүсэлтээр өмнөд хил рүү дахин 2100 цэрэг илгээнэ гэж тус улсын Батлан хамгаалах яам лхагва гарагт мэдэгджээ.


Шинээр байршуулах цэргүүд нь алба хааж буй 1100 цэрэг, Техас муж улсын Үндэсний гвардын 1000 цэргээс бүрдэх ажээ. Ингэснээр АНУ-ын өмнөд хил дээр байршуулсан цэргүүдийн тоо 6600 хүрэх юм.


Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, алба хааж буй цэргүүд Гааль, хилийн хамгаалалтын газрын ажиллагаанд туслалцаа үзүүлэх бол Техасын Үндэсний гвардын цэргүүдийг цагаачдыг байрлуулж байгаа газрууд болон Техас муж улсын нисэх онгоцны буудал, боомтууд руу илгээх ажээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Мексиктэй залгаа хил рүү цэргийн албан хаагчдыг анх 2018 оны дөрөвдүгээр сард илгээж байсан бөгөөд АНУ-ын хилийг давахыг оролдож буй Төв Америкийн орнуудын цагаач иргэдийг зохицуулахаар өнгөрсөн 10 дугаар сард нэмж цэрэг илгээсэн билээ. 

Холбоотой мэдээ