Д.Эрдэнэбат: АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-18 12:47:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ дахь АН-ын зөвлөл дэмжихээ өнөөдөр мэдээлэв. 


Тус зөвлөл өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлэж, байр сууриа нэгтгэжээ. 


УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Ардчилсан парламенттай улсын гол суурь зарчим нь сонгох эрхийн асуудал байдаг. Мөн УИХ-ын хариуцлага, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах асуудал бий.  Засгийн газрын тогтворгүй байдалд нөлөөлж байгаа гол шалтгаан нь 76 жижиг тойргоос бүрэлдэх УИХ юм. Тиймээс сонгуулийг холимог зарчмаар явуулах Ерөнхийлөгчийн саналтай нэгдмэл байр суурьтай байна. Одоо хэлэлцэж байгаа Үндсэн хуульд УИХ-ын гишүүд төсөв нэмж, хасах боломжгүй байхаар зохицуулж байгаа нь улс орны эдийн засгийн хөгжлийн эсрэг заалт хэмээн үзэж байгаа. Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас бүрэн татгалзаж чадаагүй байгаа нь өнөөгийн эдийн засгийн гажуудал, иргэдийн ядуурлыг бий болгосон. Тиймээс Үндсэн хуульд эдийн засгийн тулгуур зарчмаа тусгах шаардлагатай. Орон нутгийн эдийн засгийн асуудлыг өөрт нь бие даан олгох нь зүйтэй. Иймд манай зөвлөл орон нутаг татвараа өөрөө хураадаг, нутгийн өөрөө удирдах байгууллагаар төсвөө бие даан баталдаг байх зохицуулалтыг дэмжиж, Ерөнхийлөгчтэй нэгдмэл байр суурьтай байна. Түүнчлэн Баялагийн сан байгуулах Ерөнхийлөгчийн саналтай нэгдмэл байр суурьтай байна. Газрын доорх баялагийн үнэ цэнээр үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулах, ард иргэдийн амьдрал, эрүүл мэндийг сайжруулах, хуримтлал бий болгох, иргэдэд баялгийн санг шударга хүртээх нь зарчмын хувьд зөв. Хэрэв бидний тавьсан асуудлыг үнэмлэхүй олонхоороо шийдвэл АН-ын зөвлөл хэлэлцүүлгээс гарна. Ерөнхийлөгчийн хуулийн төслийг зөвшилцөөгүй үед ард нийтийн санал асуулга явуулж болохгүй” гэлээ.

Холбоотой мэдээ