Улаанбаатар-Дарханы замын хөдөлгөөнийг өөрчлөн зохицуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы
чиглэлийн замыг шинэчлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан автозамын хөдөлгөөнийг өөрчлөн
зохицуулж байна.
Тодруулбал, Дархан-Эрдэнэтийн
салдаг уулзвараас 361-р гарам
хүртэлх замыг энэ сарын 16-наас 11 дүгээр сарын 1
хүртэл хааж байна. Ингэхдээ Эрдэнэт,
Дархан, Сэлэнгээс нийслэлийг зорьж байгаа эдгээр аймаг руу зорчиж байгаа
тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах юм. Мөн Улаанбаатар-Дарханы
чиглэлийн автозамаар дайран өнгөрдөг нийтийн
тээврийн үйлчилгээний ХО:13 “Баруун түрүү-10 хороолол” чиглэлийн автобусны
хөдөлгөөнийг өөрчилж байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам нь Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг юм. Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр шийдвэрлэсэн юм гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.