“Цэвэрхэн наадацгаая” аян хоёр дахь жилдээ үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-07-11 17:31:11

Улаанбаатар /МОНЦАМАЭ/. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт оюутан залуус наадамчин олныг цэвэрхэн наадахыг урилсан "Хоггүй цэвэрхэн наадацгаая" аяныг явуулж байна.

Энэ талаар Монголын Оюутны холбооны менежер Б.Эрхэм-Эрдэнээс тодруулбал, “БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын оюутны холбоо хамтран энэхүү аянг хоёр дахь жилдээ явуулж байна. Өнгөрсөн жилийг бодвол иргэд, наадамчин олон хогоо хаа сайгүй, замбараагүй хаяхгүй, соёлжиж төлөвшсөн байгаа нь ажиглагдаж байна.


Наадамчид бидний тавьсан "Цэвэрхэн наадацгаая" уриатай самбарыг хараад хогоо хогийн саванд хийж хэвшиж байна.  Бид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгаас гадна амрагч, жуулчид ихээр очдог Горхи-Тэрэлжийн бүс нутагт хуваагдан ажиллаж байна. Хүмүүс бүгд цэвэрхэн нааддаг болсноос гадна энэхүү аянг эерэгээр хүлээн авч дэмжиж ажиллаж байгаад залуус бид их баяртай байна” гэсэн юм.

Энэ жилийн аянд сайн дурын нийт  220 гаруй оюутан залуус нэгджээ. Аян тав хоног үргэлжилнэ.

Д.Отгонцагаан

Холбоотой мэдээ