Малыг ялган бүртгэхэд мэдээллийн технологи ашиглах төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-09 17:33:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх”, “Мэдээллийн технологийн шинэлэг шийдлээр ХАА-н өртгийн сүлжээний үр ашиг, мөрдөн мөшгөх тогтолцоог сайжруулах” төслийг хэрэгжүүлнэ.

 

Энэхүү төслийн баримт бичигт ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар гарын үсэг зурлаа.

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх төсөл”-ийн хүрээнд бог болон бод малын гарал үүсэл, шилжилт хөдөлгөөн, үржил селекци, эрүүл мэндийн мэдээллийг бүртгэн хянах үндэсний хэмжээний мэдээллийн системийг нэвтрүүлэх юм.

Харин “Мэдээллийн технологийн шинэлэг шийдлээр хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний үр ашиг, мөрдөн мөшгөх тогтолцоог сайжруулах төсөл”-ийн хүрээнд бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, мөрдөн мөшгөх тогтолцоог блокчейн технологиор дамжуулан бүртгэн хянах боломжийг судлан турших юм.

 

“Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх” төслийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга, Баянгол, Гучин ус зэрэг 4 суманд хэрэгжүүлнэ. Нийт 190 мянган малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг орон нутгийн махны үйлдвэртэй хамтран энэ оны зургаадугаар сараас 2020 оны хоёрдугаар сар хүртэл хийх юм.


Манай улсын хөдөө аж ахуйн салбарын үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, малын эрүүл мэнд болон хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах, экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэн, хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилготой дээрх төслүүдийг буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх аж.

Холбоотой мэдээ