Хүн амын 69 хувь ариун цэврийн сайжруулсан байгууламжаар хангагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-08 17:23:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангаас “Монгол Улсын нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018”-г өнөөдөр “Blue Sky” зочид буудалд танилцууллаа.

Судалгаанд хамрагдсан хүн амын 82 хувь нь ундны усны суурь үйлчилгээгээр хангагдсан. Тодруулбал хот, суурин газрын хүн амын 94 хувь, хөдөө, орон нутгийн 58 хувь ундны усны суурь үйлчилгээгээр үйлчлүүлж байна.

“Энэхүү судалгааг манай улсын хүүхэд, насан хүрэгчдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын эрх хэрхэн хэрэгжиж буйг ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйл, хүн амын сайжруулсан ундны ус, ариун цэврийн байгууламжийн хэрэглээ, гар угаах газар, иоджуулсан давсны хэрэглээний статистик, тоон мэдээллийг гарган баяжуулах зорилготой” гэдгийг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа танилцуулгын эхэнд онцлон тэмдэглэж байв.

Судалгааны үр дүнг тооцсон 178 гаруй үзүүлэлт нь Тогтвортой хөгжлийн зорилт, Хүүхдийн эрхийн конвенц, НҮБ-ын ерөнхий ассамблейн ХДХВ/ДОХ-ын талаарх тусгай чуулганы тунхаглал, Монгол Улсын Засгийн газрын “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал”, “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрүүд болон бусад бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхэд чиглэжээ.



Цаашлаад, судалгаанд хамрагдсан хүн амын мөн 82 хувь нь гар угаах суурь үйлчилгээгээр хангагдсан буюу өрхийн сууц, эргэн тойронд гар угаах тогтсон газартай, саван болон ус бэлэн байдаг гэсэн байна. Харин хөдөөгийн хүн амын дунд энэ үзүүлэлт хотынхтой харьцуулахад бага байна. Судалгаанд оролцсон иргэдийн 69 хувь ариун цэврийн байгууламжийн суурь үйлчилгээ буюу сайжруулсан байгууламжтай, түүнийгээ дангаар хэрэглэдэг буюу бусадтай хамтарч ашигладагүй гэсэн байна.


Манай улсын нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг өнгөрсөн оны 9-12 дугаар сард явуулж, 14.500 өрхийг хамруулжээ.

 

Б.Болд

Холбоотой мэдээ