“Шүрэн баг”-ны түүх музей үзэгчдийн сонирхлыг татдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-07-07 19:46:32

Завхан /МОНЦАМЭ/. Завханы байгаль түүхийн музейг өнөөдрийн байдлаар 2670 гаруй хүн үзэж сонирхжээ. Тэд энэ үеэр Монголд дөрөвхөн байдаг Шүрэн улаан Жамсран бурхны баг буюу хорхой улаан шүрэн багны тухай сонирхолтой түүхийг лавлаж асуудаг аж. 

Завхан аймгийн Орон нутгийг судлах музейд хадгалагдаж байгаа шүрэн баг нь Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дахь Хуягтын хүрээний буюу Далайн Чойнхор вангийн хошууны урчуудын бүтээл хэмээн бүртгэгджээ. Арван догшин хангалын нэг болох Жамсран бурхны нүүрний баг болох уг бүтээл нь будааны ширхэг мэт 6800 гаруй ширхэг шүрийг хэлхэж хүний нүүрний булчингийн хэлбэрээр шигтгэж урласан онцлогоороо бусад шүрэн багаас ялгардаг ажээ. 

Хийц ур нь цаас, будааны хэмжээтэй улаан шүр, будаг оролцуулан хөөмөлдөж бүтээсэн. Нэг ширхэг шүрний цэвэр жин нь 1.665 гр бөгөөд маш уран нарийн хийцтэй шашны ховор бүтээл юм. 1950 онд анх музейд ирж одоог хүртэл түмэн олны нүдийг хужирлаж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд ховор бүтээлд ордог XYIII зууны сүүл үеийн шашны ховор бүтээл. Энэхүү бүтээлийг ид шидтэй гэж ярих нь ч бий. Учир нь музейн гол үзмэр болсон уг багт хүн аминчлан сүслэн залбирвал үйлс нь бүтдэг хэмээн нутгийнхан одоо ч ярьдаг ажээ.

Харин хоёр дахь шүрэн баг буюу Чойжин ламын сүм музейд хадгалагддагийг нь XIX зууны үед хүрээний алдарт барималч Пунцаг-Осор цаасан шуумлын аргаар урлаж, алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин зэрэг эрдэнэсийн чулуугаар чимэглэжээ. Улаан Жамсрангийн цамын багийг бүтээхдээ бурхны хилэнт дүр төрхийг 6000 гаруй цэвэр улаан шүрээр чамин хийцээр шигтгэж урласан байна. Цамын баг нь дангаараа 30 кг жинтэй бөгөөд өмсгөлтэйгөө нийлээд 70 кг жинтэй аж. 

Улаан Жамсран бурхны өмсгөлд шүрэн баг, дээл, жавдар, хиур, рүжин буюу ясан чимэг, мядаг буюу хормогч, цээживч, тэтэжад буюу Жамсран бурхны дагуул нөхдийн шүр, үлбэн чимэглэлтэй цаасан шуумал цамын баг зэрэг 18 зүйл багтдаг байна.

Улаан Жамсран бурхны шүрэн багийг Монгол улсын Засгийн газрын 1995 оны 241 тоот тогтоолоор хосгүй үнэт өвд бүртгэжээ. Харин 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 227 тоот тогтоолоор бүрэн өмсгөлийг нь хосгүй үнэт өвд бүртгэсэн байна. Харин нөгөө хоёр баг нь Дүрслэх урлагийн музейд хадгалагддаг байна. 

300 литрын багтаамжтай хүрэл тогооны түүхийг мөн мэдэж болно

Завханы музейн угсаатны зүйн танхимын үзмэрт байрлах Лянганы багаж л гэхэд монгол дарханы аргаар бүтээсэн ган сийлбэрт багаж ба үүнийг шашны зан үйлд хэрэглэдэг байж. Эдгээр Лянганы багажыг Гүрбадам хэмээх дархан XIX зууны үед бүтээжээ. 1820 онд бүтээсэн 250-300 л багтаамжтай хүрэл тогоо нь ХYII-XYIII зууны бүтээл юм. Уг тогоо нь Монгол улсын хэмжээнд цөөн байдаг том тогоонуудын нэг юм. Анх энэ тогоог Завхан аймгийн Яруу сумын нутгийн нэгэн ойгоос олжээ. Шашны томоохон хүрээнд лам нарын Манж цавыг хийж, бэлтгэж байсан бөгөөд 250-300 литрийн багтаамжтай, эргэн тойрондоо найман тахилтай, хуучин Монгол бичгээр “Төр Гэрэлтийн 10 дугаар онд Эрдэнэцогт хөвгүүн Гүржийн хамт бүтээвээ” гэж бичсэн өлзий хээтэй хүрэл цутгамал тогоо юм. Энэ тогоонд хожим Хатанбаатар Магсаржав Улиастайд цэргүүдийн хамт хооллож байсан түүхтэй. Гэхмэтчлэн дотоод гадаадын жуулчдын үзэх сонирхох, түүхийг нь сонсох үзмэрүүдийг музейн тайлбарлагч нар нэг бүрчлэн танилцуулдаг ажээ. Тиймээс тус музей зуны улиралд зарим тохиолдолд уртасгасан цагаар иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байна. 

Холбоотой мэдээ