Шинэ нисэх буудалд анхны агаарын хөлгүүд газардав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-07-05 18:58:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нээгдсэн Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудалд “МИАТ” болон “Хүннү эйр”, “Изинис эйрвэйз” зэрэг үндэсний агаарын тээврийн хөлгүүд газардав.


Нисэх буудлын нээлтийн үеэр шинэ нисэх буудлын анхны нислэгийг “МИАТ” ТӨХК-ийн С.Амарсайхан даргатай “В737-800 агаарын хөлөг гүйцэтгэсэн юм. Тэрээр нислэг амжилттай болсон талаар ёслолд оролцсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд рапорт өргөсөн. Энэ үеэр анхны нислэгийн буултын талаар тодруулбал, “Манай улс шинэ нисэх буудалтай болж байгаад нисэгч бид их баяртай байна. Хуучин буудал маань нислэгийн нэг оролттой байсан учраас онгоц хүлээн авах хүчин чадлын хувьд ч тэр хязгаарлагдмал байсан. Одоо шинэ нисэх онгоцны буудалтай болсноор гадаад, дотоодын иргэний агаарын тээврийн олон онгоц буух боломжтой болж байна” гэв. Тэрээр, цаг агаараас шалтгаалан нислэг саатах, ээлж ээлжээр нисэх зэрэг байдал үгүй болж байгаа гэв.





Үүний өмнө шинэ нисэх онгоцны буудлын шалгах нислэгийг мөн “МИАТ” ТӨХК-ийн “В737-800” агаарын хөлгөөр Ч.Нямсайхан даргатай нисэх бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын 25-нд амжилттай гүйцэтгэсэн юм. Тус нислэгээр уламжлалт навигацид тулгуурласан нарийвчлалтай болон нарийвчлалтай бус ойртолтын журмуудыг шалгажээ.




“МИАТ” ТӨХК шинэ нисэх буудалд зориулан шинээр зохиосон хэрэглэлийн нислэгийн журмуудыг батлах нислэгээр шалгав. Одоо холбогдох дүгнэлтийг ИНЕГ-т хүргүүлэх юм байна. Дээрх шалгалтын нислэгийн бэлтгэлийг хангахад ИНЕГ-ын Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтэс, шинэ нисэх буудлын Агаарын навигацын үйлчилгээний ажлын хэсэг болон бусад холбогдох нэгж хамтран ажилласан юм. 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ